Захирлын мэндчилгээ


Хөдөө орон нутагт тулгын чулуугаа тавьж, эрдэм соёлын их уурхай болтлоо хөгжин        цэцэглэж, өсөн дэвжсэн  “Архангайн Багшийн сургууль” хэмээх оюуны өргөөний алтан босгыг   алхан орж хүсэл мөрөөдлийнхөө гэгээн харгуйг олж замнасан үе үеийн олон суралцагч, төгсөгчид   байдаг.

БНМАУ-ын анхдугаар их хурлаас “Бидний монголчууд олон түмэн ард юугаан эрдэм соёлд дэвшүүлэх нь маш чухал тул бага насны хүүхдийг сургах сургууль байгуулах, үндэсний багш нарыг бэлтгэх ажлыг эрхэмлэвэл зохино” гэж заасны дагуу ардын сургуулиудыг байгуулах, ялангуяа багшлах боловсон хүчнээр хангах асуудалд онцгой анхаарал тавьж иржээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1951 оны 8 дугаар сарын з-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бага сургуульд бүрэн багшилж чадах мэргэжилтэй бөгөөд бүрэн дунд сургуулийн боловсролтой багш нарыг бэлтгэн төрүүлэх “Багш нарыг бэлтгэх сургууль”-ийг Архангай аймагт байгуулах шийдвэр гаргасны дагуу 1951 онд  2 бүлэг 60 сурагчтайгаар хичээллэж эхэлснээр тус сургууль нь үүсэн байгуулагдсан түүхтэй билээ. Тус сургууль нь 1990 оноос БСШУЯ-ны сайдын 336 дугаар тушаалаар “Багшийн коллеж”, 2010 онд БСШУЯ –ны сайдын 139-р тушаалаар МУБИС-ийн салбар сургууль болж сургуулийн статус коллежоос их сургууль болон өргөжсөн бол  2017 оноос МУБИС-ийн бүрэлдэхүүн сургууль болсон.

     Манай сургуулиас Монголын нэртэй эрдэмтэн, сэхээтнүүд,  соёл, урлаг, спорт, боловсролын болон бусад салбарын алдартан, гавьяатууд зэрэг хойч үеийнхний үлгэрлэн дуурайх бахархалт хүмүүс олноор төрөн гарсан. Өнөөдрийн байдлаар тус сургуулиас гавьяат багш 10 гаруй, Шинжлэх ухааны болон эрдэмтэн доктор 20 гаруй, бага ангийн болон монгол хэл, уран зохиол, математик, мэдээлэл зүй, англи хэл, орос хэлний багш, нийгмийн ажилтан 10.000 гаруй төрөн гарчээ.

     Эдүгээ тус сургуульд 70 гаруй багш, ажилтан, албан хаагч ажиллаж байгаа бөгөөд бакалавр, магистрын өдөр, эчнээ ангид 1000 гаруй оюутан суралцаж байна.

      Эргэх түүхийн хуудаснаа нэгэн жарныг түүхийг бүтээж, Монгол улсын төв болон баруун бүсийн аймгийн сургуулиудыг  багшлах боловсон хүчнээр хангахад бахдам амжилт гаргасан  баялаг туршлагаа зузаатгаж шинэ зууны иргэдийг сурган хүмүүжүүлж, төлөвшүүлэх, их сургуулийн боловсролтой чадварлаг багш мэргэжилтнийг бэлтгэх ажлаа чанаржуулан, сургалтыг хөгжлийн хандлагад  нийцсэн хөтөлбөрөөр зохион байгуулж хөрвөх чадвартай багшлах боловсон хүчинг бэлтгэх зорилт тавин ажиллаж байна.